2008-06-27

~~~Хайр минь~~~



Зүрхэн хэмнэлд эгшиглэн аялсаар
Зөнтөй совингийн тайлалд учирсан
Зуурдхан тавиланг хайраар мөнхөлж
Зураг шиг амьдралыг урлaсан хайр минь

Буурал ээжийн минь хайрыг мөрөлсөөр
Буяны сүүдрээр нөмрөн хучиж
Бүрхэг тэнгэр шиг нууцxан сэтгэлд
Бурхны зурлагaтай туссан нар минь

Эртэй, бяртай омгoлон насны
Эрч нь суларч ухаарсан учирал
Эргэж буцдаггүй цагийн урсгалд
Эгэл заяандаа мөнхрөх хайр минь





2008-05-20

~~~~~~



Эвэлж нийлсэн хайрандаа
Ижилсэж дассан амраг минь
Эгэл жирийн амьдралдаа
Итгэж нийлсэн амраг минь

~~~~~~

Бодолд хэлхэгдсэн мөрүүдээс
Бие сэтгэлийг уншихуй
Бадагт холбосон мөртүүдээс
Би хүнийг танихуй

2008-05-02

~~~Хөөрхий~~~

Харанхуй дундаас нойр тэмтчисэн шөнөөр
Хамаг амьдрал нүдэнд гялс хийхүйд
Хар цагаан нүдэлдсэн орчлонд ирсэнийхээ төлөө
Хариу болгох мэт сайхан амьдрал гуйх би хөөрхий...

Байх байхгүйн хоорондох зовлонд алгадуулж
Барж дуусах ганцхан заяатай хүний амьдралдаа
Барагдашгүй их шуналд өөрөө өөрийгөө хөтлүүлчихээд
Бузартаж дуусах сэтгэлээн бодoхоор би хөөрхий...

Уурлаж бухимдаад сэтгэл онгойдог бол сайхан
Учирлаж яриад бүтэхгүй зүйл үгүй бол бас сайхан
Уул нь хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэгсэн
Ухаантай хандаад ч сэтгэл захирагдахгүй нь заримдаа хөөрхий

2008-03-23

~~Зүрхэнд эрхэлсэн хайр~~

Эр залуу насны эрчинд
Эвэлж ирсэн миний хайраа
Энэ ганцхан тавилан заяандаа
Эрхэлж ирсэн миний ханиа

Ханийн тэнгэрийн шүтлэгтэй
Хайрандаа эрхэлсэн
ханиа
Хосолж туулдаг хорвоодоо
Хоёргүй эрхэлсэн миний хайраа

Зөн билгийн тайлал болсоор
Зүрхэнд ирж эрхэлсэн хайраа
Зөрөггүй ганцхан амьдралын жимээр
Зөвхөн надад ирсэн хайраа

Тайлж чадаагүй бухимдлыг
Тайтгаруулж хайрандаа эрхэлдэгээ
Тавилан заяатай амьдралын эрхэнд
Тэнгэрлэг хайрандаа эрхэлдээ хань минь

2008-03-15

~~~Шүлэглэхүй~~~

Болчимгүй бага насаа
Дурсан байж бичлээ би
Богинхон энэ заяагаа
Хайрлан байж бичлээ би
Бодож явсан сэтгэлээ
Ярин байж бичлээ би
Болох болохгүй бүхнийг
Тунгаан байж бичлээ би
Болзоонд яарсан үеэ
Санан байж бичлээ би
Боргил энэ амьдралааcaa
Шүүрдэн байж бичлээ би

********
Дурлаж явсан насаа
Дурсан байж бичлээ би
Дурсамж дүүрэн мөчүүдээ
Догдлон байж бичлээ би
Дэрвэж явсан сэтгэлээ
Дэлгэн байж бичлээ би
Дуулим энэ хорвоогоо

Дуулан байж бичлээ би
********
Эрчтэй залуу насаа
Эргэн дурсаж бичлээ
Эргэх амьдралын хүрдийг
Ээрэн байж бичлээ би
Ээж аав хоёртоо
Эрхлэн байж бичлээ би
Эхнэр хүү хоёроо
Энхрийлэн байж бичлээ би
Эгэл жирийн амьдралаа
Эргүүлэн байж бичлээ
Энэ ганцхан тавилангаа
Элдэвлэн байж бичлээ би
Эрээн бараан хорвоог
Элдэв янзаар бичнээ би
Энэ биеэ дуустал
Эцсээ хүртэл бичнээ би

~~Хувь тавилан холбосон өдөр~~

Өдрийн сайныг үзэн байж
Өргөө гэрээ барин байж
Өнөр олноо цуглуулан байж
Өрх тусгаарлa
сан анхны өдөр

Сарын сайныг саатан байж
Садан төрлөө цуглуулан байж
Сүй тавин ёслон байж
Сүйхэн бөгжөөр хосолсон өдөр

Галын бурханаа аргaдан байж
Газар тэнгэрээ тахин байж
Гай зовлонг хаан байж
Ганцхан заяaндаа хосолсон өдөр

Идээ будаагаа өрөн байж
Ижий аавдаа ерөөлгөн байж
Идэр насаа эрчилэн байж
Ирээдүй амьдрал эхэлсэн өдөр

Дуу хуураа өргөн байж
Дуулим хорвоог уяраан байж
Дундаршгүй хайраар цалгин байж
Дурсамжаар тамгалсан анхны өдөр

Амьдрал холбосон азтай өдөр
Аз жаргалаар бялхсан өдөр
Аав ээжийн сургаалтай өдөр
Ахан дүүсийн ерөөлтөй өдөр


2008-03-08

~~Мэндчилгээ~~

Амьдралд тэтгэх алтан нарууд
Аз жаргалын мөнгөн сарууд
Ахиад ирэхгүй насны хайрууд
Амьдын баясал Монгол бүсгүйчүүлдээ
.
Эрүүл энх ,урт удаан насалж
Энэ хорвоод хамгийн жаргалтай нь байж
Эрчүүд биднийгээ мөнхөд гийгүүлж яваасай гээд
Эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье
.
Хамаг Монголын хүүхнүүддээ

Хатан дэлхий ээж нартаа
Хайр дурлалын бурхаддаа
Хацар гоо охид,дүү нартаа
.....................Хамгийн сайн сайханыг хүсье

2008-03-05

~~Би~~

Эснээс эсэнд нийлж
Энэ биеэ олсон их хувь заяа
Эцэг эхийн хайранд
Эрхэлж өссөн их азтай заяа
.
Эрдэм номын ухаанд
Эргэж явсан гэнэн сэтгэл
Эх орондоо тангарага өргөн
Эр биеэ эрчилсэн залуу нас
.
Эргэх амьдралын урсгал сөрөн
Эрийн хийморьтой сэтгэлээр
Энэ насны заяа төөрөгтөө
Эвлэрч яваа эгэл хүмүүн
.

~~Охин үр минь~~

Хүүхэн заяaтай ганцхан үр минь
Хүргэн дагаад одсоор удлаа
Хүний нутаг хэцүү л гэх юм даа
Хүрч ирэх болоогүй л байна уу
Xавар хаврын цэцэг дэлгэрэхэд
Харуулдах сэтгэл горьдлогтой
Хүрээд ирэх боловуу ижийдээ гэсээр
Хapcaap суух юмдаа ээж нь
Ойр ойрхон ярьдаг ч гэлээ
Охиноо санaсаар суух юм
Олон жилээр хүлээсэн болoхооp
Орондоо хулжих нойр зөндөө
Орчлонд ганцхан охин минь юмдаа
Омог бардам занг нь түшиж яваасай бурхан минь
Сар жилийг саатан хүлээхдээ
Сайхан бүхнийг хүсч л сууна ижий нь
Санасан бүхэн нь бүтэлтэй байж
Сайн яваасай эвий үр минь
Зорисон хэрэг нь биелэг гэхдээ
Зүүд нойрондоо ч залбирч явна
Зүсэлж мэдэхгүй бурхдад мөргөхдөө
Заяа төөргийг нь даатгасаар явна
Эхийн заяaтай ганцхан хүүг нь
Эрхлүүлж, аашилсаар өсгөж явна
Эрх танхил хүүдээ зоволтгүй
Эргэж хурдан ирэхээ л бодоорой
Хүссэн бүхнээ гүйцээгээд
Хүрч хурдан ижийдээ ирээрэй
Хүний амьдралийн утга учир
Хүмүүн заяaнд ганцхан ирдэгт юм шүү
Эвий эвий үр минь
Ээждээ хурдан ирээрэй....

2008-02-28

~~~~ Монгол эрс~~~

Хаан эцэг өвгөдөөс нь
Хамаг дэлхий чичэрсэн
Хатан зоригт хөвгүүдээс нь
Харийн улсууд халширсан

Хууры
н хоёр чавхдсаар
Хорвоо дэлхийг уяраасан
Хурдан хүлгийн туурайгаар

Хамаг Монголоо байгуулсан

Монгол эрсийн хийморь сүлд
Морин дэл дээр хийсэж явсан
Мохошгүй хүч,зориг зүрх нь
Монгол нэртэйгээ мөнхөрсөн

2008-02-03

~Нутгаан санахуй~

Алтай Хангайн оргил уулс нь хө
Аавын төрх шиг дотно юмдаа
Арвайн хээр тал нутаг нь хө
Аавын сэтгэл шиг уужим юмдаа
........Нутгаан санах хүүгийн сэтгэл
........Нулимс болон урсах юмдаа
........Наадаж тоглосон алаг чулуу нь
........Нандигнаж явах эрдэнэ юмдаа
Эгшигэн аялгуутай шувуудын жиргээ нь хө
Ээжийн бүүвэй шиг уягалаг юмдаа
Ээдэм талын алаг цэцэгс нь хө
Эхийн сэтгэл шиг уяхан юмдаа
........Нутгаан санасан сэтгэл минь
........Нулимс болон унах юмдаа
........Наадаж өссөн нутгийн чулуу
........Нандигнаж явах шүтээн юмдаа
Зэрэглээн бүжигтэй хээр тал нь хө
Зээрийн сүрэгтэйгээ санагдах юмдаа
Зэгсэн шугуйтай нуурын хөвөө ньхө
Зэллэн нисэх шувуудтай юмдаа
........Нутгаан санасан сэтгэл минь
........Нулимс болон бөмбөрхөд
........Нандигнан хайрлах чулуунд нь
........Нутгийн үнэр шингээстэй юмдаа

2008-02-01

~Ээжтэй би жаргалтай~

Энэ насны заяандаа ижийдээ ирсэн
Энгэр шүтээндээ эрхэлж өссөн би
Ээжийнхээ ариун сэтгэлээр
Эрүүл саруул өссөн би жаргалтай

Эгэл хорвоод эр биеийг олж төрөөд
Ээжийнхээ буянаар өвдөж зовоогүй ээ
Эргэх амьдралд хөл тавьж орсон ч гэлээ
Ээжийнхээ сэтгэлд хүүхдээрээ би жаргалтай

Амьдралд ташуурч алсын нутагт ирээгүй би
Арчаагүй амьдрал ижийдээ үзүүлэхийг хүсээгүй юмаа

Авдаг цалинд нь урам орж ажилахдаа ч
Амьд бурхан ээждээ яардаг би жаргалтай

Эндхийн хүмүүсийн сонин араншинд
Энэ сэтгэл минь бухимдахын цагт
Ээжийгээ л ганцхан дотроо бодож
Эр биеэ эрчилж явдаг би жаргалтай

Эрдэж алдах үе зөндөө байв ч
Ээжийн минь сэтгэл түшидэг юмаа намайг
Ээжтэй хүн эндэдгүйн учирийг

Энд ирээд ухаарсан би жаргалтай

Үйлийн эхлэл үрээр дуусдаг хорвоод
Үрээ гэсэн сэтгэлд нь би гийж явдаг юмаа
Үхэл хагацал үнэнийг дуудах тавилан ч
Үргэлжийн хамт сэтгэлтэй би жаргалтай

Зөв буруугаар эргэлдэх амьдралд ч
Зөвхөн ижийдээ би буруугүй байдаг юмаа
Зүүд нойр зөн совиндоо хүүгээ мэдэрдэг
Зүрхэн шүтээн ижийтэйгээ би жаргалтай

Насны салхийг илээсээр хүү нь
Наяын талыг хэвийж яваа ч
Намхан буурал ээждээ л ганцхан
Нялхарч эрхэлдэг би жаргалтай

Хувирах улирлийн өнгийг илээж
Хүүгээ л сэтгэлдээ хүлээсээр суугаа
Хөгшин болсон ч ануухан ижийдээ
Хүрч очино би жаргалтай

Ээжээ санах сэтгэл алдархад
Элгийг нь дэвтээж хүү нь очино би жаргалтай




2008-01-25

~~~Учирах хүсэл~~~

Цавдир хүрнээ унья даа
Цасан будраатай хатиръя даа
Цайлган сэтгэлтэй чамтайгаа
Цагаан сартай учирья даа

Халтар хүрнээ унья даа
Хайлган цастай хатирья даа
Хайрын тэнгэртэй чамтайгаа
Хаврын сартай учирья даа

Зартай хүрнээ унья даа
Зүсрэх бороотой хатирья даа
Зүрхний хайртай чамтайгаа
Зуны сартай учирья даа

Намхан хүрнээ унья даа
Нарны илчтэй хатирья даа
Насны хайртай чамтайгаа
Намарын сартай учирья даа

Ухаа хүрнээ унья даа
Уулсаан тойрон хатирья даа
Учирах хүслээ жигүүрлэн
Ухаалаг чамдаа очьё доо
...........2008он Сөүл...........

2008-01-10

~~~~~~

Зүсэлж хэлэшгүй бүсгүйтэй
Зүүдэн нойрондоо учирлаа
Зүрхэн хайраа шивнэлдсээр
Зүүдэлж чамтай жаргасан

2008-01-09

~~~~~~

Бүсгүй чиний гоо сайханд
Бишрэх сэтгэлийн уяас алдуурч
Бие хийгээд сэтгэлд нүглийн хур бууж
Би ертөнцөөс тасран мөрөөдөлд умбахуй...

~~~~~~

Учирах тавилангүй хайрын бодолд
Уушиг зүрхний хэмнэл алдуурч
Уйтгар гунигын мананд төөрсөн
Учиргүй хайралсан сэтгэл хөөрхий
2008-он

2008-01-07

~~~~~~

Саруул тэнгэрийн оддын ташилттай
Салхин исгэрээ зэгсэн дуутэй шөнөөр
Саран авхай нуурын толионд буусаар
Саатан,наадан шөнөжин бүжиглэлээ

~~~~~~

Эхээн үгүйлэх ботгон буйлаа
Энгэр газрын чулуунд ойход
Эзэн дамжсан ингэн тэмээн нулимс
Элэг эмтэрмээр бөн бөн дусална

*****

Бэтгэрч санасан хайрын сэтгэл
Булгилах зүрхний хэмнэл тогшиход
Бодлын үзүүрт шүлэг дуншиж
Бадаг мөр нь чамайг л үгүйлнэ

~~~Чамайгаа магтъя~~~

Сайхан чи минь сайхан гэж
Сарны туяанд гийгүүлэн байж
Сарнайн дэлбээгээр гоёнхон байж
Сүүн сэтгэлээр чинь сүлэнхэн байж
Сүүдэр тусгалгүй чамайгаа магтъя

Ухаантай чи минь ухаантай гэж
Уяхан сэтгэлийг чинь хөвөлзүүлэн байж
Уран үгээр хэлхэн магтъя
Урлагын бурхан шиг шүтэн байж
Утга төгөлдөр шүлэглэн магтъя

Хөөрхөн чи минь хөөрхөн гэж
Хүмүүн заяаны эхлэлтэй зүүрлэн
Хувирашгүй сэтгэлээр хайрлан магтъя
Хувь тавилангаар учирсан чамайгаа
Хүүгээ санах сэтгэлдээ өхөөрдөн байж магтъя

Агуу чи минь агуу гэж
Амьдралд тэтгэх хайрыг чинь дүрэлзүүлэн байж
Алдар цуутнаас илүүтэй магтъя
Арван хэдэн жил зовж, жаргасан юм надтай
Адгын тэнэг болсон ч хамаагүй ээ би
Амраг ханиа л ганцхан магтъя
Сөүл~2008 он

2007-12-29

~~~Блогын тухай миний бодол~~~

Блог гэдэг миний хувьд...
...Богинхион зайд орших

...Бодол сэтгэлийн дотоод хэсэг
...Болсон болоогүй амьдарлаа
...Бодит талруу нь бичсэн толь
Блог гэдэг миний хувд...
...Яруу найрагт дурлaсандаа бус

...Янжинлхамыг шүтдэгтэй биш
...Ядарч олсон амьдралынхаа үнэнийг
...Ярьж бусадтай хуваалтцах хүсэл минь
Блог гэдэг миний хувьд...
...Би гэдэг хувь хүнийг

...Бусдад таниулах цонх минь
...Бэтгэрч явсан сэтгэлээ
...Бичиж дэлгэсэн дэвтэр минь
Блог гэдэг миний хувьд....

Боргил амьдралын үнэнээс
Бадганд мөнхрөх сэтгэл минь
...Бүтээж туурвисан зүйлсээ

...Баясаж хардаг тэмдэглэл минь юм
...........2007....Сөүл............................................